Нийгмийн Антропологи
Нийгмийн антропологи нь янз бүрийн нийгмийн харилцаа болон тогтолцооны судалгаан дээр тулгуурладаг. Тийм ч учраас тус антропологи нь аливаа нийгмийн тогтолцооны бүтэц, ялгаатай зан авирын онцлог шинжүүдийг задлан шинжлэхийн тулд өөр өөр цаг үе, газар оронд буй нийгмийн тогтолцоог харьцуулан судалдаг юм. Хүн төрөлхтөн аж төрж байгаа нийгмээсээ хамаараад хэрхэн янз бүрийн зан авир гаргадаг, түүний учир шалтгааныг мэдэх нь нийгмийн антропологийн гол зорилгуудын нэг билээ.
Тиймээс нийгмийн антропологи нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн буюу хэвшиж тогтсон бүлгийн ба хувь хүний зан авирын төлөвшил, мөн хуулийн дагуу бий болсон нийгмийн байгууламжуудыг судлахыг зорьдог. Тухайлбал: гэр бүл, садан төрлийн холбоо, гэрлэлт, мөн эдийн засаг, улс төр, хууль, шашны байгууллагууд, нийгмийн ёс зүй, ёс суртахуун, нийгмийн харилцааны явцад үүссэн үр дагаврууд.
Судлах зүйлс
- Харилцааны ертөнц. Хүний гадаад болон дотоод ертөнцтэйгөө үүсгэх харилцаа.
- Нийгэм болон хувь хүний баримтлах шашны зарчим. Бурхан шүтээнийг сүсэглэх болсон сэтгэлзүйн уг шалтгаан, нийгмийн хөгжилд түүний гүйцэтгэх үүрэг.
- Нийгмийн болон сэтгэлзүйн боолчлолоос урган гарсан асуудлууд. Түүхийн бүхий л хугацаанд хүний оюун санааг удирдаж байсан байдал.
- Соёлын солилцоо, түүний үр дагаврууд. Метафизик үзэл ба материализм. Нийгэм, шашны зөрчилдөөн.
- Үл тайлагдам асуултууд. Чөлөөт хүсэл эрмэлзэл өнгөрсөн ба өнөө үеийн соёлд. Төсөөлөл ба хийсвэрлэлийн ялгаа.
- Мэргэн ухааны үнэ цэнэ. Энэ нь нийгэм, улс төрийн харилцаанд нөлөөлөх нь. Нийгмийг өөрчлөх механизм.
- Хүний зан төлөв. Машин мэт хүн. Хувь хүний авьяас сонирхол, түүнд нь нийцсэн ажил мэргэжил. Жинхэнэ авьяас чадвараа нээх ба даган дуурайх байдал.
- Ухамсартайгаар ойлгох ба механикаар цээжлэх.
- Хүн төрөлхтний эрин үеүд. Хүний ирээдүйдээ хандах хандлага. Нийгмийн чиг хандлага ба түүний эсрэг тэсрэг өөрчлөлт. Тухайн цаг үеийнхээ нийгэм, улс төр, шашин, гүн ухааны хэвшмэл ойлголтод хүний дасан зохицох чадвар.
- Залуу, идэр, ахмад үеийн хүмүүс гүн ухааны талаар ойлголттой байхын ач холбогдол. Хүнд бага, өсвөр насанд нь ёс зүйн ба гүн ухааны үндэс суурийг тавихын ач холбогдол. Насанд хүрэх үетэй холбогдуулан хийдэг байсан эртний зан үйл. Үүнтэй холбоотой хүн төрөлхтний шашин болон космологийн ойлголтууд.
- Эрт цаг үеийн бүтээмжийн талаарх ойлголт ба түүний нийгмийн анги давхраажилтад нөлөөлөх байдал. Засаглалын төрөл ба тогтолцоо. Төр шашныг хослон барих болон ардчилал хэмээх ухагдахуун. Түүхэн дэх энэхүү хоёр засаглалын уг гарал, үр дагавар.
- Эртний нийгмүүд дэх баялгийн хуваарилалт. Нийгмийн статус ба түүний шилжилт. Нийгмийн шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэх болсон үндсэн шалтгаанууд.
- Эрт үеийн эрх мэдлийн талаарх ойлголт. Энэ нь шашин болон гүн ухааны номлолтой холбогдох нь. Эрх мэдэл гэсэн ойлголтод тулгуурлан угсаатны бүлгүүдийг нэгтгэн захирах, үүнээс гарах үр дагавар.
- Эртний соёл иргэншлүүдийн нийгмийн болон гүн ухааны ойлголтод буй харьцангуй ба үнэмлэхүй үнэт зүйлс. Гүн ухаан, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан баталгаат байдлыг эрэлхийлэх хүний айдсын хүчин зүйлийг судлах.
