Гнозисийн практик тал

Үй олон онол нь асуудал, төөрөгдлөөр дүүрэн ертөнцийг бий болгодог. Өнөөгийн эмх замбараагүй байдлын шалтгаан нь хүн төрөлхтөн оюун санаагаа буруугаар ашигласнаас болсон юм.

Мэдлэгийг практик туршлагагүйгээр хуримтлуулах нь зөрчилд, нөгөө талаас эсрэг тэсрэг оюун санааны тэмцэлд хүргэдэг.

Өнөө үед дэлхий дээр бие биеэ даван гарах гэсэн хоёр чиглэл урсгал оршин байна. Нэг нь спиритуалист чиг хандлага бөгөөд үүнд бүх шашин, эзотерик сургууль, итгэл бишрэлийн тогтолцоо багтдаг юм. Нөгөө нь өөрийн гэсэн үзэл баримтлалтай материалист чиг хандлага юм.

Спиритуалист чиг хандлага нь бид үнэнийг мэднэ гэдэг бол шашингүй материалист урсгалынхан мөн л үнэнийг мэднэ гэж хэлдэг. Спиритуалист нь Аллах, Брахма, Жехова гэх мэтчилэн янз бүрээр нэрлэн Бурханыг шүтдэг бол Материалист нь материйг бурханчлан шүтдэг.

Үүнээс үзэхэд сэтгэхүйн хоёр урсгал байна. Хоёулаа л өөрсдийн онолыг хамгаалж, үнэн хэмээн баталдаг. Аль нь зөв юм бол?

Гэхдээ бид хэн нэгний хувийн итгэл үнэмшлийг үгүйсгэхийг хүссэнгүй. Гагцхүү эдгээрийн аль нь ч үнэнийг мэдэхгүй гэж хэлэх байна.

Спиритуализм болон материализмын фанатууд (хэт бишрэгчид) ямар ч практик туршлагагүй байж өөрсдийн онол, таамаглал, магадлалаараа ертөнцийг дүүргэсээр байна.

"Хүн өөрийн шашинлаг итгэл үнэмшлээ амьдралд хэрэгжүүлдэггүй бол ном судар ачсан илжиг мэт юм" хэмээх Мухаммедын зүйр үг байдаг.

Онолууд залхмаар уйтгартай болсон. Зүйрлүүлбэл тохиролцож болох дэлгүүрийн бараа таваартай адил болжээ.

Зохиолчид үзэл санаагаа тулгасан бүтээлээрээ өөр хоорондоо тэмцэлдэж байдаг учраас уншигчид төөрөгдөл эргэлзээний гашууныг амсах ёстой болдог. Гэтэл өнөөх онолууд нь бидний амьдралд зөвхөн саад бэрхшээл, санаа зовних зүйлсийг бий болгодог.

Оюуны санааны хийрхэгчид бүхий л далайг ганц аяганд багтаахыг хүсдэг. Учир нь тэд их сургуулийг орчлонгийн бүх мэргэн ухааныг өгч чадна, тэр ч бүү хэл орчлон ертөнцийн бүх хууль тэдний хуучирсан академик дүрэм журам, арга барилтай яв цав тохирох ёстой хэмээн итгэдэг.

Тэдгээр хэнээтнүүд байгалийн бүх үл тайлагдам нууцыг сэтгэлгээний хязгаарлагдмал чадвараараа судлан шинжлэхийг эрмэлздэг. Бид оюун санаа, сэтгэлгээ нь практик амьдралд өдөр тутмынхаа үүрэгт даалгаврыг биелүүлэхэд хэрэгцээтэй гэдгийг үгүйсгээгүй. Гэхдээ оюун санааныхаа тусламжтайгаар амьдрал, үхлийн агуу нууцыг шинжлэн тайлна гэж үзэх нь телескопоор нянг, микроскопоор од эрхсийг судална гэж зүтгэхтэй адил юм.

Үнэн хэрэгтээ оюун санааны мэдээлэл нь ямар ч туршлагагүй юм. Хуримтлагдсан мэдлэг гэдэг туршлагажсан мэдлэг огт биш. Зөвхөн эгэл ертөнцийн (гурван хэмжээст) хүрээнд шалгаж үзэх эсвэл баталж нотлох нь хангалттай биш юм.

Бидний дотоодод бодол санаанаас ангид орших дээд билиг авьяас байдаг бөгөөд энэ нь бидэнд аливаа үзэгдлийг шууд туршлагаар танин мэдэх, объектив мэдлэгийг олж авах боломжийг олгодог.

Үзэл бодол, санаа, онол, таамаглал гэдэг нь хэзээ ч аливаа үзэгдлийн талаарх судалгаа, шинжилгээ, туршилт сорилттой дүйцэж чадахгүй.

Ул үндэсгүй таамаглал бол ямар ч хэрэггүй зүйл. Тиймээс бид практик байж, амьдралын зорилгыг шууд туршлагаараа танин мэдэх хэрэгтэй.

Эзотерик ухааныг сонирхогчид гүн ухаан, шашин, ёс зүй, эзотерик судлал, далдын нууцын талаарх олон янзын ном зохиолыг уншдаг боловч эцсийн дүндээ оюун санаа нь эргэлзээ, төөрөгдлөөр дүүрч хоцордог. Мянга мянган онолууд, зохиолчид байна. Зарим нэг нь бусдын санааг хуулбарлана. Нөгөө нэг нь бусдын санааг үгүйсгэнэ. Мэргэжил нэгтнүүд хоорондоо нэгийгээ егөөдөж нөгөөтэйгөө тэмцэлдэх ба эцэстээ хүн бүр бусадтайгаа зөрөлдөж маргалддаг.

Тухайлбал, зарим зохиолчид цагаан хоолтон байхыг зөвлөж байхад, зарим нэг нь үгүйсгэж байдаг. Зарим зохиолчид амьсгалын дасгал хийхийг зөвлөж байхад нөгөө хэсэг нь битгий хий гэж зааварладаг. Энэ бүхнээс болж эрэлчин юу хийхээ мэдэхээ больж, ямар ч үр дүнгүй хоцордог. Тэрээр гэрэл, мэргэн ухааныг эрэлхийлсэн боловч эцэстээ юунд ч хүрсэнгүй. Энэ бүхний дараа тэрээр яах ч билээ?

Спиритуал сургалтуудтай холбогдсон хэрнээ хэт туйлширсан хүмүүсийг бид мэднэ. Тэдгээрийн олонх нь цагаан хоолтон, архи дарснаас татгалздаг, сахил барьдаг болсон хэдий ч хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Учир нь тэд заадаг мэдлэгээ практик амьдрал дээр туршиж үзээгүй. Тэд өөрсдийн зам мөрт хөтлөгч Гүрүг ч мэддэггүй бөгөөд яриад байдаг Дээд ертөнцүүдээ хэзээ ч харж байгаагүй юм.

Гностик судлал нь гэрэл гэгээ, жинхэнэ мэдлэгийг мятрашгүй эрэлхийлж буй хүнд зориулагдсан юм.

Эрхэм уншигч минь, гнозис танд универсаль мэдлэгийг бүрдүүлэгч бүх элементүүдийг өөрөө, шинжлэх ухаанчаар туршин үзэж болох арга ухааны түлхүүрийг өргөн барьж байна.

Эдгээр дасгал сургуулилт нь аливаа итгэл үнэмшлийн системтэй зөрчилддөггүй юм. Тийм ч учраас ямар ч эзотерик нийгэмлэг, сургуулийн багш, зааварлагч нар өөрсдийгөө хөгжүүлэхэд мөн суралцагч шавь нараа ухаалгаар залахад үүнийг ашиглах хэрэгтэй.

Хүний билиг авьяас хөгжиж, далд чадвар нээгдэх нь хувь хүний соёл, оюуны болон дотоод хөгжилтэй эн тэнцүү явагдах хэрэгтэй байдаг.

Тийм ч учраас Германы гүн ухаантан, яруу найрагч Иоганн Вольфганг Гёте "Эрхэм анд минь, онол бүхэн саарал, харин амьдралыг ногоон мод гэж үзвэл түүний үр жимс нь алтан юм" хэмээн өөрийн "Фауст" бүтээлдээ өгүүлсэн байдаг.