Танилцуулга
Манай Олон Улсын Гностик Нийгэмлэг нь ердийн нэгэн байгууллага биш гэдгийг мэдэгдэх нь зүйтэй байх. Харин эртний болон өнөө үеийн гнозисыг судалж, түгээдэг нийгэмлэг юм.
Гнозис нь өөр өөр газар нутаг, цаг үеүдэд ялгаатай хэлбэр төрх, бэлгэдлээр илэрхийлэгддэг мөнхийн Универсаль мэргэн ухаан юм.
Өдгөө 21-р зуунд тус гностик нийгэмлэг нь эртний мэдлэг, мэргэн ухааныг дамжуулагч болж байгаа юм.
AGEAC гэдэг нь испани хэлээр "Asociación Gnóstica de Estudios Antropológicos, Culturales y Cientificos", монгол хэлээр "Шинжлэх ухаан, Соёл, Антропологи Судлалын Гностик Нийгэмлэг" юм. AGEAC нь өнгөрсөн үеийн агуу гностик мэргэн ухааныг судалж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зорилготой төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг.
AGEAC нь материаллаг болон оюун санааны хязгааргүй боломж, чадавхийг хөгжүүлэхэд мөн гностик судлал дахь мэдлэгийн тусламжтайгаар өөрийгөө танин мэдэхээр тэмүүлж буй бүхий л хүмүүст тусалдаг ашгийн бус нийгэмлэг юм.
AGEAC нь Самаэль Аун Веорын 1948 оноос хойш хүн төрөлхтөнд түгээсэн 70 гаруй ном болон олон зуун лекц дээр тулгуурлан үүсгэн байгуулагдсан.
Иймээс манай нийгэмлэг нь ямар нэгэн хувийн хүсэл зорилго, ашиг сонирхлын үүднээс байгуулагдаагүй бөгөөд Самаэль Аун Веорын тайлбарласан гностик мэргэн ухаан нь өнөөгийн нийгэмд маш их хэрэгтэй гэж үздэг.
Уг шалтгааны үндсэн дээр AGEAC 1989.12.12-нд Испанийн Дотоод Хэргийн яаманд улсын бүртгэлийн №89835 дугаартайгаар бүртгэгдэж, үйл ажиллагаагаа эхэлсэн бол Монгол дахь AGEAC-ийн салбар нь 2008.10.10-нд Хууль зүй Дотоод Хэргийн яаманд улсын бүртгэлийн №1032348 дугаартайгаар бүртгэгдэж, үүсгэн байгуулагдсан юм.
Гностик нийгэмлэг нь эдийн засаг, нийгмийн байр сууринаас үл хамааран бүхий л хүмүүст өөрийн судалгаа, шинжилгээгээ хүргэхийг эрмэлздэг тул ашгийн төлөө ажилладаггүй.
Гностик антропологи нь эртний олон соёлыг судалдаг бөгөөд тухайн соёлыг шинжлэх ухаан, шашин, гүн ухаан, урлагийн хүрээнд авч үздэг. Хэдийгээр бид шашныг соёлын нэг хэсэг болгон судалдаг боловч AGEAC нь ямар нэгэн шашны урсгал биш юм.
Дүгнэж хэлэхэд: Орчин цагийн хүн төрөлхтөн оршин буйнхаа утга учрыг илүү хүнлэг, ухамсартай, метафизик үүднээс харах боломжийг олгож буй гностик мэргэн ухааныг нийгэмд шинжлэх ухаанчаар мэргэжлийн түвшинд хүргэх нь манай нийгэмлэг (AGEAC)-ийн тэргүүн зорилго болно.
